Мэдээ, мэдээлэл
БНХАУ-ын ААН-үүдтэй худалдаа хийдэг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Хууль Зүйн Хөгжил Шинэтгэлийн Хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга С.Уянгаа нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монгол Улсын болон БНХАУ-ын бизнес эрхлэгчид хоорондын маргаанаас урьдчилан сэргийлэх, талуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, үр ашигтай, шударга, үндэслэл бүхий бизнесийн уур амьсгалыг бий болгох чиглэлээр хамтран ажиллах юм.
Түүнчлэн, хоёр орны хууль тогтоомжийг бизнес эрхлэгчдэд сурталчлах, хууль тогтоомжийг орчуулах, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалтыг хамтран зохион байгуулах, бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр гэрээний загварыг боловсруулах, хууль зүйн салбарын гадаад, дотоод хамтын ажиллагааг өрнүүлэх, олон улсын туршлага, стандарт, давуу талуудыг судалж, практикт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.